Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургууль нь 1940 онд ардын бага сургууль байгуулах аймгийн захиргааны шийдвэр гарч Б.Дагва комиссарын байгуулсан зуны түр сургуулийн нэг өрөө банзан байшин, гэр, майханд 27000 төгрөгийн төсөв зардлаар нийт 60 гаруй хүүхэд элсүүлэн захирал, нэг багш, гурван ажилчин гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл сургалтаа эхэлсэн байна.
Сургуулийн захирлаар урьд нь Хатгал болон Рашаант сумын бага сургуулийг үүсгэн байгуулж, үр бүтээлтэй ажиллаж байсан Батмөнхийн Доржсүрэн гэгч хүн томилогдон ажиллаж, Н.Шагдар багш хичээл сургалтаа хариуцан, тогооч С.Норовсамбуу, галч Б.Лавдан, каминдаа Наваандоо гурав аж ахуйн чиглэлийн арын албыг залгуулан Эрдэнэбулганы бага сургууль эмхлэн байгуулагдсан байдаг. Орон гэрийн оосор бүч хийж өгөхөөс авахуулаад сургууль соёлд хэрэгцээтэй эдлэл тавилгыг бүрдүүлэхэд сум орныхон эрвийх дэрвийхээрээ тусалсан байна.
Эрдэнэбулганы бага сургууль нь 1940-1967 оны хооронд 4-р ангийг нийт 638 сурагч, 1967-1990 оны хооронд дунд сургуулийн 8-р ангийг нийт 812 сурагч, 1991-2007 он хүртэлх 10-н жилийн сургуулийн 10-р ангийг 232 сурагч, 2008-2019 оны хооронд 12 жилийн сургуулийн 12-р ангийг 561 сурагч суралцаж төгссөн ба 1940-2018 он хүртэлх хугацаанд нийт 3000 гаруй суралцагч суралцаж төгссөн байна.
БИДНИЙ БҮТЭЭСЭН ТҮҮХ
1967 оны хичээлийн жилээс эхлэн 8 жилийн дунд сургууль болон өргөжиж 5-6-р ангийн нэг нэг бүлгийг хичээллүүлж эхэлсэн тэр үед бага сургуулийн захирал Д.Хургааг хэвээр нь ажиллуулж математикийн багшаар Д.Наянтай, монгол хэл уран зохиолын багшаар Б.Батчулуун, түүх газар зүйн багшаар Н.Даваадулам, хими биологийн багшаар Д.Мягмаржав, бага ангийн хичээлийн эрхлэгчээр С.Доржготов нар ажиллаж эхэлсэн байна. Дээрх багш нар өөр өөрсдийн мэргэжлийнхээ хичээлүүдийг заахаас гадна байгаль, зураг, орос хэл, дархан, мужааны хичээлүүдийг хуваан авч заадаг байжээ. Гэнэт 8 жилийн сургууль болох шийд гарсан, дээр нь сум орон нутагт багшлах боловсон хүчин дутагдалтай байсан зэргээс шалтгаалан нэг багш 2 өөр хичээл заадаг байв.
1983 онд 120 хүүхдийн хичээлийн байр, 1990 онд 80 хүүхдийн дотуур, 2008 онд бага ангийн сурагчдын хичээлийн байр, 2020 онд 240 хүүхдийн суудалтай хичээлийн байр тус тус улсын төсвөөр баригдсан байна. Мөн 2012 онд хичээлийн төв байранд өргөтгөл, их засвар хийж 2 давхар болсон байна.
Эрдэнэбулганы эрдэм номын өргөө нь 1990 онд 10 жилийн сургууль болсон боловч 1998 оноос 8 жилийн дунд сургууль болж, 2003 оны хичээлийн жилээс дахин 10 жилийн дунд сургууль болон 2008 оноос 12 жилийн сургуулийн статустай болсон байна.
Тус сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд 4 удирдах ажилтан, 38 багш, 35 ажилтан, 533 суралцагч, Анхан шатны сургалтын заах аргын нэгдэл, Байгалийн ухааны заах аргын нэгдэл, Нийгмийн ухааны заах аргын нэгдэл, захиргаа аж ахуйн нэгдэл гэсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Үүнээс: Боловсрол судлалын магистр багш -14, тэргүүлэх зэрэгтэй-9, заах арга зэрэгтэй -16 багш байна. Мэргэжлийн багш боловсон хүчнээр 100% хангагдсан.
Орон нутгийн болон үндэсний хэмжээний сургалтуудад багш ажилтан нэг бүр графикийн дагуу хамрагдаж, сургалтаа ажлын байран дээрээ бусад багш нарын дунд зохион байгуулдаг ба багшийн үйл ажиллагааны төлөвлөгөөг улирлаар боловсруулан үр дүнг тооцон ажиллаж байна. Сургуулийг өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд холбон Кабинетуудыг 100 хувь LCD дэлгэц болон проектороор хангаж, бүх анги танхимуудыг дотоод сүлжээнд холбон зайнаас сургалт явуулах боломжтой боллоо.
Тус сургууль нь одоогийн байдлаар хичээлийн 3 байр, дотуур байр, номын сан, үдийн цай, агуулах, эрэгтэй, эмэгтэй технологийн кабинет, насан туршийн боловсролын төв гэсэн обьектуудтай. 2007 онд гүний худагтай болсон. БШУЯ, НҮБ-ийн Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар Насан туршийн боловсролын “Гэгээрэл төв”, “Багш хөгжлийн төв”, “Хүүхэд хөгжлийн төв”-ийг бүрэн тохижуулж үйл ажиллагаа нь жигдэрсэн.
БИДНИЙ БАХАРХАЛ
1970 онд 217 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий, 64000 төгрөгийн өртөгтэй дүнзэн байшин барьсны зэрэгцээ нөөц бололцоогоо дайчлан аж ахуйн чиглэлийн олон тооны ажил хийсний үр дүнд тохижилт соёлжилтын ажлаараа улсад шалгаран Ардын хувьсгалын 50 жилээр “Улсын тэргүүний сургууль” болж дээрх ажлуудыг удирдан хийлгэсэн сургуулийн захирал Т.Жанцан “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгажээ.
БИДНИЙ БҮТЭЭСЭН ҮНЭТ ЗҮЙЛ
1971 онд Т.Жанцан захирлын үед багш ажилчдын хүчээр хичээлийн хоёр байр, гал тогоо болон бусад обьектыг барьж ашиглалтанд оруулан аж ахуйн ажлаараа “Улсын тэргүүний сургууль” болсон.
1980 онд Бөөрөлж багт отор саалийн зуслантай болсон ба сургуулийн түлш бэлтгэх, Сангийн аж ахуйн ургац хураалтанд туслуулах зэргээр сурагчдыг амьдрал хөдөлмөрт бэлтгэж ирсэн.
1992-1994 онуудад Бөөрөлж, Зэрлэг багуудад багийн сургууль байгуулагдаж, БТА багш Н.Даваадулам Данида төслөөс санхүүжүүлсэн хөдөөгийн сургууль төслийг удирдан хэрэгжүүлсэн ба тус сургуулийн албан бус гэгээрэл төв улсын тэргүүний гэгээрэл төв болж байлаа.
