Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйл Суралцагчийн эрх, үүрэг

45.1.Суралцагч дараахь эрхтэй:

45.1.1.суралцах нөхцөл бололцоогоор хангуулах;

45.1.2.сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй хичээлээс сонгон судлах;

45.1.3.сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;

45.1.4.суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх;

45.1.5.хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх;

45.1.6.гэрээнд өөрөөр заагаагүй бол сургууль төгсөгч эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох;

45.1.7.сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;

45.1.8.уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах.

45.2.Суралцагч дараахь үүрэгтэй:

45.2.1.сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;

45.2.2.багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;

45.2.3.бие дааж суралцах арга барилыг эзэмших;

45.2.4.багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;

45.2.5.сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих;

45.2.6.сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх.

Close Panel